ХЭРЛЭН СУМЫН ЗДТГ ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАА

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Хэрлэн сумын ЗДТГ Чингис хотын хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаа.

Үүний хүрээнд өчигдөр буюу 2023 оны 6-р сарын 1 нд Чингис хотын төв хэсэгт 07-23 цагт автозам хааж, автомашингүй өдөр болгосон бөгөөд нэр бүхий 10 өртөөг ажиллуулж, хоол, худалдаа үйлчилгээ, төрөлжсөн тоглоом гарган Чингисийн талбайгаас төв цэцэрлэгт хүрээлэн дагууд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан.

12 цагт нээлтийн арга хэмжээ, авъяаслаг багачуудын тоглолт, аймаг, сумын удирдлагуудын мэндчилгээ гарын бэлэг гардуулах үйл ажиллагаа өрнөсөн бол үргэлжлүүлэн Чингисийн талбайд хүүхэд багачуудын #ОпенМик арга хэмжээ, Унадаг дугуй, скүүтерийн уралдаан, гар зургийн уралдаанууд болсон юм.

Хуванцар савыг зайрмаг болгох арилжаа, хүсэн хүлээсэн хүйтэн ундаа, зайрмаг, тоглоомын худалдаа, явуулын түргэн хоол, нас насны онцлогт тохирсон 10 өртөө, алжааж ядарсан бяцхан багачуудад зориулсан 300 сандал, битүү чимэглэсэн Чингисийн талбай, автомашингүй төв гудамж, баярын тайз, оройн шоуны хөтөлбөр гээд дутуу юмгүй, дундуур зүйлгүй Чингис хотын хүүхдийн баяр зохиогдон өнгөрлөө.

Орой 20 цагт Чингисийн талбайд хүүхдийн баярын хаалтын шоу болсон бөгөөд  Дуучин Баясук, Войс шоуны шилдэг оролцогчдын хамтарсан задгай талбайн шоу болж өндөрлөлөө.

Хэрлэн сумын ЗДТГ

 

2023-06-02 11:29:43