УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАВДУГААР ЦЭЦЭРЛЭГ

                                         Эрхлэгч А. Ариунаа

5 - р цэцэрлэг нь 1962 онд анх байгуулагдсан бөгөөд 60 жилийн хугацаанд:

  • Өндөрхааны САА-н клубын дэргэдэх хүүхэд саатуулах  булан
  • САА-н 28-р цэцэрлэг
  • Ясли цэцэрлэгийн комбинат
  • Хэрлэн сумын хүүхдийн 28-р цэцэрлэг
  • Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэг гэсэн нэршилтэй 61 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар иржээ.

  Өндөрхааны САА-н захиргаа нь тариаланч, хөдөлмөрч иргэдийнхээ ажил хөдөлмөрийн үр шимийг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн нутаг дэвсгэртээ САА-н клубын дэргэд 1962 онд  Бүжинлхам, Сумъяа эрхлэгчээр удирдуулсан “Хүүхэд саатуулах булан” нэртэйгээр цэцэрлэг анх  байгуулагдсан байна. 

  Тус цэцэрлэг өргөжин 50 хүүхэдтэй, түүнд эрхлэгч, 2 багш, 2 асрагч, тогооч, угаагч, галч, аж ахуй зэрэг орон тоотой /цагаан байшин/-д ажиллаж байлаа. Улмаар Зөвлөлтийн ард түмний өгөөмөр тусламжаар  одоогийн  2 давхар барилга 1979 оны 11 сард ашиглалтанд орж тэр үеийн эрхлэгч Ц.Жавзандуламтай “Ясли цэцэрлэгийн комбинат” болон өргөжин 4 бүлэгт 90 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч 100 хүүхэдтэй  цэцэрлэгийн  2 бүлэгт хүмүүжүүлэгч, асрагч/ня-ня/, яслийн 2 бүлэгт сувилагч, асрагч нар тус тус хамтран ажиллаж байсан. Тухайн цаг үед цэцэрлэгийн нийт хүүхдийн 60-аас  илүү хувь нь тракторч комбайнч ажилчдын хүүхэд /нэг айлаас ах дүү 4-5 хүүхэд/асран хүмүүжүүлж байжээ.

Жаран өртөөлсөн түүхт хамт олон нь:

  • 1984 онд “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ” цэцэрлэг
  • 2005 онд “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ” цэцэрлэг баталсан
  • 2005 онд аймгийн “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ  ЦЭЦЭРЛЭГ” -р  шалгарч байсан.

 5-р цэцэрлэгийн хамт олон 1999-2000 оны хичээлийн жилээс эхлэн Соросын сангийн дэргэдэх Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгийн “Алхам алхмаар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, одоогийн  /Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг/-тэй хамтран  ажиллаж багш нар хүүхэд төвт сургалтын орчин бүрдүүлэн, сургалтын үйл ажиллагаандаа хүүхдийн эцэг эхчүүдийг татан оролцуулж, тэдний идэвхи санаачлага, оролцоог дэмжин ажиллаж байсан. 2012 оноос Хэрлэн сумын 8-р баг Тахилгат тосгонд малчдын СӨНХ-дэд СӨБ олгох зуны сургалтыг зохион байгуулж цаашлаад өргөжин 2013-2014  оны хичээлийн жилээс Тахилгат тосгонд  холимог бүлэг 3 орон тоотой 20 хүүхэдтэй шинээр нээгдэн ажиллаж эхэлсэн түүхтэй. 2022-2023 оны хичээлийн жилдээ 6 бүлэгт 162 хүүхэдтэй   нийт 24 багш ажилчид ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд  Сүхбаатар аймгийн Мандарваа 8-р цэцэрлэгтэй хамтран ажиллаж Өвөр Монголын Зүүн үзэмчин хошууны Улайстай хотын   “Монгол хүүхдийн цэцэрлэг”-т багш нар очиж хичээл зааж харилцан туршлага судлан  ажиллаж байсан.  Мөн 2018 оноос Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 102-р цэцэрлэгтэй хамтын ажиллагааны харилцаа тогтоон багш ажилчдын дунд харилцан туршлага судлах, хамтран ажиллах, зөвлөн туслах зэргээр  хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. 2020 оноос Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжсэн Фермер эмэгтэйчүүдийн холбоо, Хэнтий аймгийн “ХЭННЭС” ТББ-ын дэмжлэгтэйгээр “Монгол ногоо” төслийг хэрэгжүүлж  жишиг цэцэрлэгээр сонгогдон ажиллаж байна. 2019 оноос Олон Улсын “Эко сургууль” хөтөлбөрт хамрагдаж  2019 онд Хүрэл гэрэгэ, 2020 онд Мөнгөн гэрэгэ, 2021 онд Алтан гэрэгэ өргөмжлөлт, ногоон тугийн эзэд болсон цэцэрлэг юм.

2023-02-15 16:22:21