“Хан Хэнтий” цогцолбор сургуулийн захирал К.Түмэндэлгэр
Хэнтий аймгийн намын хороо, захиргааны шийдвэрийг үндэслэн, 1979 онд Зөвлөлтийн барилгын 3-р трестийн барьсан, 276 хүүхдийн суудалтай, 70 хүүхдийн дотуур байртай сургуулийн барилга, гуанз, бүхий иж бүрэн байгууламжинд Ерөнхий боловсролын 8-н жилийн дунд сургууль анх байгуулагдсан. 1985 онд 10 жилийн сургууль, 2002 онд цогцолбор сургууль болон өргөжиж 44 дэх жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.
2022 – 2023 оны хичээлийн жилд 73 багш ажилтан, 800 гаруй суралцагчтай. Багш нарын 57.1 хувь нь мэргэжлийн зэрэгтэй. Тус сургуульд магистр багш 16, Боловсролын тэргүүний ажилтан багш 17 ажиллаж байна. Бага ангийн 14 бүлэг, дунд ахлах ангийн 16 бүлэг нийт 30 бүлэгтэй. Баялаг номын фондтой, интернет орчин бүрдсэн тохилог номын сан, 2 спорт заал, 60 хүүхдийн ортой дотуур байр, цахим танхимтай үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.
“Хан Хэнтий” цогцолбор сургууль нь Олон улсын Эко-сургууль хөтөлбөрийн “Ногоон туг” өргөмжлөлийн болзлыг 2 дахь удаагаа ханган ажилласан. “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийг хэрэгжүүлэгч 30 сургуулийн нэг болж “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагыг нэвтрүүлэн” үндсэн ба дэд төслүүдийн хөрөнгө оруулалтаар сургуулийн ногоон байгууламжийг 60%-аар нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийг нэвтрүүлэн, хүрээлэн буй байгалиа хайрлан хамгаалахад хувь нэмэр болохуйц үлгэр жишээ эко хэрэглээтэй загвар сургууль болон өөрчлөгдөх эхлэлийг тавьсан бөгөөд цаашид иргэд олон нийтэд нөлөөлөх нөлөөллийн ажлыг тогтмолжуулан ажиллаж байна.
Багш, сурагчдын ажиллах, сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх хүүхдэд ээлтэй, эелдэг харилцаа хандлагатай сургалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Мэндчилгээ
“Хан Хэнтий” цогцолбор манай хамт олон сургалтын үйл ажиллагааныхаа чанар, үр өгөөжийг дээшлүүлж, Боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож өөртэй итгэлтэй, зорилготой, зөв хандлагатай, хүнлэг энэрэнгүй, эх оронч иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхийн төлөө бүтээлч санаачилгатай нэгдэж, сургуулийнхаа материаллаг баазыг бэхжүүлэн, суралцагчдын сурах таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна. “Хан Хэнтий” цогцолбор сургуультай ажил амьдралаараа холбоотой үе үеийн удирдлага, багш, ажилтнууд, эрдмийн танхимаасаа эх орны дөрвөн зүг найман зовхист жигүүрээ дэлгэсэн эрхэм төгсөгчид, нэгдмэл нэг сэтгэл зорилготой ажиллаж байгаа хамт олон, эрдмийн өргөөнөө шамдан суралцаж байгаа бяцхан сурагчдадаа амжилт бүтээлийн эзэд нь байж, олны дунд алтан гадас од мэт гялалзан, ажил амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхыг ерөөн мэндчилье.
Эрдэм номын цагаан буян улам арвидан дэлгэрэх болтугай.
2023-02-13 12:30:53