Хэрлэн сумын ЗДТГ-аас "Олон Улсын Ахмадын өдөр"-ийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ахмадаа хүндэтгэе" ахмадын нэгдсэн дуун цэнгүүнийг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийг у УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ нар болон аймгийн ЗДТГ-тай 4 дэх жилдээ хамтран зохион байгуулж, нутаг орныхоо хөгжил дэвшилд залуу насаа зориулж, үр бүтээлтэй ажиллаж явсан ахмадууддаа төрийн болон орон нутгийн хүндтэй шагналуудыг гардууллаа. Мөн Монгол бөхийн өргөөний "Дуулах өдөр дуун цэнгүүн"-ий хамт олон болох МУАЖ Ө.Баярмагнай, Ж.Одмаа, Л.Чаминчулуун, Д.Долгормаа, МУСТА Ц.Цэвэлмаа, И.Самбуу нар болон Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга, Хэрлэн сумын Соёлын төвийн уран бүтээлчид хүрэлцэн ирж, ахмадуудтай хамт нэгэн өдрийг дуулж бүжиглэж өнгөрөөлөө. Нэгдсэн арга хэмжээний бас нэгэн хэсэг нь "Шилдэг дуучин", "Шилдэг бүжгийн хос" шалгаруулах тэмцээн байлаа. Мөн энэ үеэр ахмадуудын дунд азтан шалгаруулах сугалааны тохирол явагдаж, Чингис хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудын ивээн тэтгэсэн гарын бэлэгний азтан гууд тодорсон юм. Ийнхүү Хэрлэн сумын ахмадууд нэгэн өдрийг дуутай хууртай, шагналын хур, азын бэлэгтэй дурсамж хүндэтгэл дүүрэн өнгөрөөлөө.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллага, аж ахуй нэгж, иргэд, алба хаагчид та бүхэндээ талархал илэрхийлье.
Ерөнхий зохион байгуулагч Хэрлэн сумын ЗДТГ
2022-10-03 00:00:00