Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг өнөөдөр Чингис хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дулаанаар хангагч байгууллагуудтай уулзлаа. Аймаг, сумын Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгаврын хүрээнд анхаарч ажиллах асуудлуудын талаар санал бодлоо солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.
Дулаанаар хангагч компаниудын хувьд компаниас шалтгаалах бэлтгэл бэлэн байдлаа хангасан бөгөөд нүүрсний чанар муу, нүүрсний нөөц хангамж дутагдалтай байгаагаас гадна ажиллах хүчний асуудлаас шалтгаалж нэлээдгүй асуудалтай тулж буйгаа ярьж байлаа. Иймд тухайн нөхцөл, бэрхшээлүүдээс гарах арга замыг эрэлхийлж аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлтэй нягт холбоотой ажиллах, хэрэглэгчдийн эрх ашгийг хангах, мэдээлэл солилцох, өвлийн бэлтгэл бэлэн байдалд хяналт хийх талаар дээрх ажлын хэсэг ажиллахаар болж байна.
Сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан уг ажлын хэсэгт харъяа багийн Засаг дарга, хотын архитектор, дулаанаар хангагч байгууллагын инженер, техникийн ажилтан, сууц өмчлөгчдийн холбооны дарга нар ажиллаж, 10-р сарын эхний 7 хоногт орон сууцны оршин суугчидтай уулзан халаалт дулааны нөхцөл байдал, анхаарах асуудал, зөвлөмж зөвлөгөөг өгч ажиллах юм.
2023-09-25 09:06:34