СУМЫН ЗАСАГ ДАРГА ӨГЛӨӨ БҮР 06 ЦАГТ ӨНДӨРХААН ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ АЖИЛЛАЖ БАЙНА
Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг өнгөрсөн 7 хоногоос эхлэн өглөө бүр 06 цагт Өндөрхаан тохижилтын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, зам талбай, ногоон байгууламж, хог хаягдал, цахилгааны баг бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч, ажил үүргийн хуваарь, нөхцөл байдлыг тодорхойлон хотын тохижилтын ажлуудыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Тодруулбал,
Чингис хотын гэр хорооллын гэрэлтүүлгийн засварын ажил Сариг 4-р багаас эхэлж, 84 гэрэлтүүлгийн толгой солиод байгаа бөгөөд 5,3,2,1,6-р баг гэсэн дарааллаар гэрэлтүүлгийн засварын ажлыг үргэлжлүүлж 9-р сард багтаан дуусгахаар ажиллаж байна.
Чингис хот доторх автозамын цэвэрлэгээ үйлчилгээг шуурхай зохион байгуулж, зам талбайн үйлчлэгч 10 ажилтныг 5 байрлалд тогтмол хуваарь гарган ажиллуулж хэвшүүлж байгаа бөгөөд автозамын хашлаганы шороог цэвэрлэх ажил 60%-тай үргэлжилж байна.
Чингис хотын нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, зам талбайн шарилж устгах хадах зөөвөрлөх ажилд Өндөрхаан тохижилтын газрын зам талбайн үйлчлэгч нар ажиллаж, Ардчиллын гудамж, Тэмүүжингийн гудамж, Баатаруудын гудамж, Тээвэрчдийн гудамж, Баазын зам, Пунцагийн гудамж, Нэгдсэн эмнэлгийн урд автозам дагуу зэрэг байршлуудад ажиллалаа. Мөн нэмэлтээр баг бүрд гэрээт ажилтан ажиллуулж зэрлэг шарилж хадах устгах ажлыг өрнүүллээ.
Хог тээврийн жолооч ачигч нарт чиглэл өгч, ачилтын тоо рейсийг тэнцүүлэн эвдэрсэн ачааны автомашины ээлж засварыг хийлгэж, ачилтын машин дутуу байгаа 5-р багт түрээсийн машин авч ажиллуулахаар гаргалаа.
2024-08-21 10:37:07