ХЭРЛЭН СУМЫН 3-Р БАГИЙН ИРГЭН М.БОЛДБААТАР АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ БОЛЛОО.

1980 онд Дадал сумын 10 жилийн дунд сургууль, 1982 онд Хэнтий аймгийн ХААТМС-ийг тракторч комбайнч мэргэжлээр төгссөн. 1982-1990 Хурх САА-д Трактор, комбайнчаар, 2000-2010 онд Батжин ойл ШТС Оператораар, 1999 оноос одоог хүртэл 25 дахь жилдээ өрхийн тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлж газрын шимийг хүртэн хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. Байгаль цаг уурын эрсдэлт нөхцөлийг тооцоолж тариалалтаа хийн, ургацаа бүрэн хураан авах нь олон жилийн туршид хуримтлуулсан арвин туршлага, нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

М.Болдбаатар нь 1999 оноос төмс хүнсний ногоо тариалж эхэлсэн ба 2006 онд анх 5х15, 6х4 буюу нийт 99 м2 шилэн хүлэмж өөрийн гараар барьж ашиглалтад оруулж байсан бол 2016 онд 5х15 буюу 75 м2 шилэн хүлэмж барьж нийт 174 м2 хүлэмж ашиглаж байгаад, 2023 онд орчин үеийн загвар хийц бүхий 8х30 буюу 240 м2 пилонкон хүлэмж, 2024 онд 75 м2 перима хүлэмж барьж нийт 360 м2 хүлэмжид нарийн ногооны үрсэлгээг тогтмол чанартай хийж жилдээ 6-7 төрлийн таримлын 6000-7000 ширхэг үрсэлгээ, 5-6 төрлийн 4.5-5.0 тн хүнсний ногооны ургац хураан Хэрлэн сум болон бусад сумдын ногоочдод худалдан борлуулж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цагаан сар цагаан идээ”, “Шинэ ургацын ногоо” гэх мэт аймгийн хэмжээний үзэсгэлэн худалдаанд тогтмол амжилттай оролцдог. Үүнд: Намрын баяр - 2022 үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцон Шилдэг ногоо төрлийн Гутгаар байр, 2024 онд зохион байгуулсан хашаандаа сайхан амьдаръя өдөрлөгийн Шилдэг өрх төрлийн Хоёрдугаар байранд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Монхоодойн Болдбаатар : 25 жилийн энэ их хөдөлмөрийн үр дүнд аймгийн аварга тариаланч болсон гавьяа шагнал бол миний гэр бүл, найз нөхөд хамаатан садангийн маань хичээл зүтгэл, та бүгдийн дэмжлэг туслалцаа юм шүү.

Найз, зөвлөх багш агрономич Г. Түмэнбаяр : Анх удаа хашаандаа ногоо тариалж байгаа хүнийг аймгийн аварга тариаланчаар шалгаруулж байгаад үнэхээр их баярлаж байна. Үе үеийн залуу тариаланчид маань энэ зүйлээс үлгэр дуурайлал авч 500м кв газарт тариалан бий болгож, орлого олж болдог болохыг ойлгоосой үүний нэг жишээ бол энэ юм шүү.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар:

Бид бүхэн өрхийн үйлдвэрлэл ногоон байгууламжийг дэмжиж ажиллана. Мөн өмнө хэрэгжүүлж байсан хашаандаа ногоо, мод тариалдаг айлуудыг "эко өрх" болгодог ажлыг үргэлжлүүлэн ажиллах болно.

Байгаль орчинд ээлтэй орчин бий болж, иргэд эрүүл эко орчинд амьдрах, эрүүл хүнс хэрэглэх, хашаандаа сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна гэж хэллээ.

 

Аймгийн аварга Тариаланчийн шагналыг Хэрлэн сумын ИТХ-ын дарга Ц.Цэрэндулам, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар, 3-р багийн засаг дарга Б.Мөнхбаяр Хэрлэн сумын ЗДТГ-ын ХАА мэргэжилтэн Ж.Алтантөгс нар шагналыг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

 

2025-02-25 17:25:25