ҮНЭЛГЭЭНИЙ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ БҮРЭН ХҮЧИН ЧАДЛААР НЬ АЖИЛЛУУЛЖ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ, ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Хэрлэн сумаас төрийн үйлчилгээний чанар хүртээмж, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор багийн Засаг дарга нарт сүүлийн үеийн үзүүлэлт, хүчин чадал бүхий Dell брэндийн I5 үзүүлэлттэй нөөтбүүк, багийн нийгмийн ажилтнуудад Dell брэндийн I5 үзүүлэлттэй суурин компьютер, олон үйлдэлтэй скайнераар хангасан. Тэгвэл өнөөдөр үнэлгээний төхөөрөмжийг суурилуулан, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх боломжоор бүрэн хангалаа.

Хэрлэн сумын багуудад 2013 оноос хойш техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй байсан бөгөөд үүнээс улбаалан ажлын үзүүлэлт, хөдөлмөрийн бүтээмж буурах бэрхшээл гарч байсан юм. Харин одоо энэхүү асуудал бүрэн шийдэгдэж, ажлын байрандаа иж бүрэн тоног төхөөрөмжтэй ажиллах орчин нөхцөл бүрдээд байна.

Энэхүү үнэлгээний төхөөрөмжийг суурилуулсанаар тухайн баг, ажилтнаар өдөрт хэдэн иргэн үйлчлүүлсэн болон хэдэн иргэнээс тухайн ажилтан үйлчилгээнийхээ хариуд ямар үнэлгээ авсан, харилцааны ямар нэгэн асуудал үүссэн бол камерийн бичлэгээр баримтжуулах зэрэг нь тодорхой болж, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх юм.

 

2022-11-02 00:00:00